Tuesday, December 16, 2014

ПҮРЭВЖАВЫН ПҮРЭВСҮРЭН:Их Тээлд шингэсэн аялгуу

(1958-2014)

Мөнх тэнгэрийн доорх мянга мян­ган хаврын нэгэн иржээ. Тэнгэр юу ч болоогүй мэт чимээгүй мэлтийж, тэртээд нарны хэцэн дээгүүр алтан хараацайс цаашилж явна. Тээр жил Их Тээлийн даваанд л хөхөөн дуутай ийм хавар болсон байх даа. Сайхан Бадмаад гомдож тунирхахдаа гурван голын ногоог сугартал дуулсаар, ийм л хаврын гэгэлгэн өдрөөр Тулга нутгаасаа явсан даа гэж бодогдоно.

   Ар, өвөр Тээл гэхээр амьдралын хоёр үзүүр үхэх, төрөх шиг сонсогдоно. Тэр одоо Ар Тээлийн ар луу уууджээ. Олоон жилийн өмнө Аргалантын адаг суга Навтанд нутагтай тарвагачин Зандаръяагийнх руу Лэгжимаа бүсгүй хөгшин шар ингэндээ хоёр араг дүүрчихсэн тавчуулж явлаа. Зандаръяагийн охин төрж гэх сураг олны салхинаас сонсоод, тэсэж чадсангүй зорьсон нь энэ. Амар эрэхийн зуур халтартсан нэхий өлгийд нойрсож буй хаг нь ч арилаагүй хүүхдийн улаан царай руу эрэгцэн, хэрэг учраа яаран дуулгахад өвгөн дуугүйхэн эргэж орны хөндийгөөс хонины дал гарган шившиж шатаагаад “Болмоор шиг, Чойсүрэн ламаас асуу” гэснээр төрсөн гэрээс төөрөг зургаар учирсан эцэг эхийн гэрт иржээ. Энэ цаг шороон бар жил буюу 1938 оны хоёрдугаар сар байжээ. Энэ хүн хожмоо “Их Тээлийн даваа”, “Үдийн на­ран өндөр”, “Цагаан шөнө” тэр­гүүт тууж, “Өшөө”, “Хар могой”, “Арван жи­лийн дараа” зэрэг олон сайхан өгүүл­лэгээрээ уншигчдын сэтгэлд дотноссон Пүрэвжавын Пүрэвсүрэн зохиолч билээ.
Тийм нэг өлзий учралт өвлөөс хойш 75 намар, өвөл, зун бас хавар иржээ. Монголын хүүрнэл зохиолын хоймор тийш түүний суудал буй болж, дүрийн сэтгэлзүйг хурц нарийн дүрсэлсэн богино хэмжээний хүүрнэл зохиолууд нь уншигчдын гараас гарт навсайж явсан өдрүүд хэдхэн оны урьдсан. Хөдөөх, эгэл баатрууд нь хүний амьдралын сайн муу, сайхан муухайг бөгтийтөл үүрч явах ч түүндээ тээртсэн шинжгүй, цаанаа л хүнлэг сэтгэл гэрэлтүүлнэ. Өр зузаан, ухаан богино бүсгүйд зүрх сэтгэлээ харамгүй өгч, энэ насны амьдралаа түүний төлөө гэсээр орчлонгийн жаргалаас хожимдсон өнчин Тулга (Их Тээлийн даваа туужийн гол дүр) хажууханд минь санаашран дуулах шиг болоод сэтгэл үймэрнэ.
   Үүнээс хойш П.Пүрэв­сүрэн зохиолчгүй хавар, өвөл, намар, зунууд Монголд минь ирж, буцна. Алсын ууланд гургалдай чагнаархтал дуулдаг зохиолынхоо дүр шиг тэрбээр уншигчдын сэтгэл зүрхэнд эгэл сайхан утга уянгыг урлаад өөрөө буцлаа.
      Намайг хамт яваач гэж даллах адил
      Наран сөрөг далавчаа гялалзуулан дэвсээр
      Намрын сүүлчийн шувуу буцаж байнам
      Надад ганганаа нь, гунигтай сонсогдном...
гэж бичсэн шигээ нам­рын шувуудтай буцчихсан юм шиг, бударган тийм нэг хаврын өдрөөр буцаад ирэх шиг итгэл төрнө. Үнэн хэрэгтээ тэр буцаагүй. Бүтээл бүртээ амьдарч, уншигчдын шүүрс алдалтаар дахин ирэх болно. Ертөнцийн жам үнэн болоод хатуу ч зохиолчийн зүрх мөнхөд цохилдог ёстой.

Амар амгалан болтугай.

No comments:

Post a Comment